“Ногоон ирээдүй” бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-12 10:58:30

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн Сан, Их Британи хамтран эрчим хүчний хэмнэлттэй жишиг бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулна.


НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол дахь Их Британийн Элчин сайдын яам Орхон аймагт “Ногоон ирээдүй” уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага насны хүүхдийн хөгжлийн төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэхүү төсөл нь Баян-Өндөр сумын Эрдэнэ багт одоо байгаа нийтийн зориулалттай барилгыг нүүрсгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүүхдэд ээлтэй орчин болгон шинэчлэх юм. Тус төв ашиглалтад орсноор 5 хүртэлх насны 500 гаруй хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжлийн сургалт болон хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлнэ. Уг төслийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл болон Хөгжлийн газар, Орхон аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.


Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын хувьд хамгийн чухал хоёр чиглэл болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа болон бага насны хүүхдийн хөгжил хоёрыг нэгтгэж байна. Нүүрс түлэхийг халж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ тэдний ирээдүйг ногоон болгож байна” хэмээв.


Монгол Улсад суугаа Их Британи Улсын Элчин сайд, хатагтай Фиона Блайт, "Их Британи нь Монгол Улсын ногоон ирээдүй, тэгш хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг дэмжиж ирсэн. Тийм учраас бид  орон нутгийн хөгжлийг дэмжсэн энэ санаачилгыг дэмжиж байгаадаа баяртай байна. Бид цаашид ч байгаль орчныг хамгаалах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өөрийгөө бүрэн хөгжүүлэх боломжтой тийм ирээдүйг бүтээхийн төлөө олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ" хэмээн онцлов.


Тус төслөөр Бага насны хүүхдийн хөгжлийн төвийн дулаан алдагдлыг бууруулж, нарны эрчим хүчээр ажиллах халаалтын систем, дотоод агаар сэлгэлтийн систем, ногоон байгууламж бүхий гадна талбай байгуулна. Мөн тус төвд эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхэд хүмүүжил, хоол тэжээл, эрүүл мэнд, ногоон амьдралын хэв маяг чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэхүү санаачилга нь Монгол Улсын Бага насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон Парисын хэлэлцээрийн зорилттай уялдаж, сэргээгдэх эрчим хүчийг орон нутгийн дэд бүтцэд нэвтрүүлэх боломжтойг харуулах жишиг төсөл болох юм. Ирэх 5 жилийн хугацаанд уг загварыг орон даяар түгээж, нийтийн зориулалттай барилгуудад нүүрс хэрэглэхийг зогсоох, орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх юм.


Уг төслийг энэ оны наймдугаар сард эхэлж, 2026 оны гуравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа ажээ.


 

相关新闻