ОУХМ Н.Баяраа 12 жилийн дараа дахин олимпод өрсөлдөх эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-12 11:57:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Индонезийн нийслэл Жакарта хотноо үргэлжилж буй буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мэргэн буучид олимпын хоёр дахь эрхээ өвөртөллөө. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр Парисыг зорих эрх авсан юм.


Тэгвэл дөнгөж сая урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа финалдсанаар “Парис-2024” олимпод цэц сорих болзлоо биелүүлэв. Эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос  тамирчин 583 ( суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ хүртлээ.

Тэрбээр 2012 оны Лондоны олимпод анхлан оролцож байсан билээ. Түүнээс хойш 12 жилийн дараа хоёр дахь удаагаа олимпын наадмын галын шугамд зогсохоор болсон нь энэ. Н.Баяраа Монголын мэргэн буучдаас олимпын эрх авсан гурав дахь тамирчин болж байна. Эхлээд О.Есүгэн, дараа нь Э.Даваахүү Парис зорих эрхтэй болсон бол тэдэн дээр Н.Баяраа нэмэгдлээ. Хэдхэн хормын дараа тэрбээр медалийн төлөө буудна. 


Түүний хувьд өнгөрсөн жил Азийн наадам болон дэлхийн аваргад шагналт V байр шалгарсан юм.



相关新闻