ДАРХАН-УУЛ: “Дархан цом-2024” мөсний спорт загасчлалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Дархан цом 2024” мөсний загасчлалын аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээнийг нэгдүгээр сарын арвангуравны өдөр “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нуурт дээр зохион байгууллаа. Уг тэмцээнд зөвхөн Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч буй иргэдээс бүрдсэн баг тамирчид олон улсын дүрмийн дагуу өрсөлдсөн аж. Нийт зургаан багийн 30 гаруй тамирчин оролцжээ.
Аймгийн аварга шалгаруулах мөсний загасчлалын багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн “Дамжуулах” баг шалгарч цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.
Дэд байрт Зэвсэгт Хүчний 322 дугаар ангийн “322” баг, гуравдугаар байрт “Белуга” баг шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Хувийн амжилт буюу ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд “Белуга” багийн тамирчин Б.Майнбаяр шалгарч медаль, өргөмжлөл, Аялагч дэлгүүрийн гарын бэлэг “Аяны багц”-аар шагнуулсан аж. Харин удаах байруудад “322” багийн тамирчин Ц.Бямбарагчаа, “Дамжуулах” багийн тамирчин Б.Саранболд шалгарчээ.
Хамгийн том загас барьсан тамирчнаар “Зэвэг” клубийн тамирчин Б.Алтансүх шалгарсан аж. Аймгийн аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээнийг Дарханы загасчлалын спортын холбоо санаачлан Дархан-Уул аймгийн ЗДТГ, БОАЖГ, ОБГ, Цагдаагийн газар, “Түшиг-Уул” ХХК, Аялагч дэлгүүр хамтран ажиллажээ.
Ташрамд “Дархан цом 2024” мөсний загасчлалын аварга
шалгаруулах нээлттэй тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 19-20 өдрүүдэд “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нуурт зохион
байгуулагдах ажээ.