Баталсан 74 маршрутаас дөрвийг нь дахин шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар боловсруулсан 74 шинэ чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарсан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Тээврийн цагдаагийн албаны 386 алба хаагч 191 цэг дээр замын хөдөлгөөний зохицуулалт хийжээ.
Мөн хамгийн их ачаалалтай байгаа М:1 “5 шар-Офицеруудын ордон”, М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд 152 албан хаагч ажиллаж байгаа аж. Тус маршрутын шинэчлэлтийг чиглэлийн давхцалыг бууруулах, автобусны ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих хугацааг багасгах зорилгоор төлөвлөсөн юм. Нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа нар мэдээлэл өгөв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээр бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон.
Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан тролейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй.
Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно” гэв.
Үүнээс гадна иргэд нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал, гомдлоо маргаашаас 1111 утсанд мэдэгдэх боломжтой болсон юм. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал дээр үндэслэн дөрвөн чиглэлийн маршрут шинэчлэлтэд тодотгол хийн, өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал,
М:4 “Гэмтлийн
эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
Ү:5 “Тоосгоны
үйлдвэр-Сансарын тойрог-ХӨСҮТ” чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Чингис зочид
буудал-Зүүн 4 зам-ХӨСҮТ”,
Ү:9 “Нисэхийн шинэ
эцэс-Яармагийн эцэс” чиглэлийг “Нисэх-Сонсголон-5 шар”
Ү:10 “Нисэх-ТЭЦ 4-3-р
эмнэлэг” чиглэлийг “Яармагийн эцэс-ТЭЦ 4-3-р эмнэлэг” болгон өөрчилжээ.