Сайншанд суманд 15409 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДүүрэг, сумдын ИТХ-ыг сонгох сонгууль ирэх 10 дугаар сарын 19-нд орон даяар болно.
Сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Сансармаагаас тодруулахад “Манай сумын долоон багт есөн хэсгийн санал авах байр ажиллаж байна. Сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг нийт 80 гаруй төрийн албан хаагч гүйцэтгэж буй. Өнөөдрийн байдлаар Сайншанд суманд 15409 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн" гэлээ.
Энэ удаад иргэдийн шилжилт хөдөлгөөн байхгүй. Улсын бүртгэлийн нэгдсэн сайтаас иргэн өөрийн оршин суугаа газрынхаа бүртгэлийг хянаж үзэх боломжгүй байгаа ч тухайн иргэн хэсгийн санал авах байрт очиж иргэний үнэмлэх, овог нэр, регистрийн дугаараар шүүлгэж оршин суугаа хаягийнхаа үнэн зөвийг шалгаж үзэх боломжтой.
Сонгуульд яаж оролцох, саналын хуудсыг хэрхэн бөглөх, хэрхэн саналаа өгөх талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд удахгүй өгөх аж.
Х.Эрдэнэбулган