Зусландаа өвөлждөг зуршлаа орхихыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн нийт суманд мал өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан байна.
Сагсай сумын Засаг дарга С.Конаев энэ талаар өгсөн мэдээлэлдээ,
-Зун их хур бороотой болсоноор өвс ногоо элбэг ургасан. Гэхдээ мал сүргийн тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн болон ирэх өвөл хүндрэх төлөвтэй байгаа тул малчид өвөлжөөндөө жил жилийнхээс оройтож буухаар болж байна. Даянгийн зусландаа хэсэг айл өвөлждөг болсон зуршлаа орхих нь зүйтэй. Өнгөрсөн өвөл Даянтай харилцах зам хаагдаж ихээхэн бэрхшээл үүсгэсэн. Иймд тэд бусдын нэгэн адил өвөлжөөний нутагт ороод, хаваржаандаа хавар тийшээ нүүх ашигтай. Малчид боломжийнхоо хэрээр хадлан бэлдсэн. Даян дахь улсын нөөцөд өвс тэжээл татах ажил хийгдэж байна. Дээр нь сумын зүгээс 35 тонн өвс нөөцөллөө. Гэхдээ өвөл болтол малчдад уулын хяраар отор сайн хийж өвөлжөөний бэлчээр, бэлэн өвс тэжээлээ хямгадан зарцуулахыг зөвлөж байна гэж ярилаа.
Ш.Айзаря