Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд Монгол Улсыг онцолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. "Ковид 19" цар тахлын дараа ЕБС-иуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэх үеэр улс орнууд ямар арга хэмжээ авсан талаарх 60 улсын туршлагыг харуулсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуульд суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө"-г онцолсон байна. Сургалтыг дахин сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн улс орон бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж уг тайланд дурджээ. Тухайлбал, судалгаанд хамрагдсан 60 орны гуравны нэг орчим нь зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц, зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, дэлхий даяар нийт 1.6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа яваагүй аж.