Ирэх онд байгуулах Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд 49 шүүгч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-29 17:30:51

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хөрөнгө оруулалтын зардлын эрэмбийн талаарх асуултад хариулахдаа, “Ирэх жилийн төсөвт он дамнасан есөн барилгыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтад 13.7 тэрбум төгрөг, шинээр эхлэх 12 төсөлд 27.7 тэрбум төгрөг, их засварт 2.5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Он дамнан шилжиж буй барилгуудыг дуусгах бодлого баримталж байна. Шинээр хэрэгжих төслүүд нэн тэргүүнд Сангийн яамнаас тавьж буй шаардлагыг хангасан эсэх, орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэхийн сацуу байгууллагаас нь эрэмбэлэн ирүүлсэн үндэслэл, шаардлагатай яам танилцсан” гэлээ.


ХЭҮК-ын төсөв төсөлд өнгөрсөн оныхоос буурч төлөвлөгдөж байгаагийн үр дагаврын талаар тус комиссын дарга Д.Сүнжид энэ үеэр хариулт өгөв. Тус комиссын урсгал зардлын төсөв 12.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2026 оны төсвийн төсөлд үүнээс 2.6 тэрбум төгрөгөөр буурч тусгагдсан байгаа аж. Үүний улмаас судалгаа, дүн шинжилгээ хийлгэх, бусдаар гүйцэтгүүлэх ажил, сургалт нөлөөллийн ажлыг гүйцэтгэх төсөвгүй болж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Түүнчлэн томилолтын зардал буурах, эд хогшил, байрны түрээсийн зардалд өр үүсэх тооцооллыг мөн тайлбарласан. Хүний эрхийн Үндэсний Комисс нь долоон хуулиар, 20 төрлийн чиг үүрэг хүлээсэн байдгаас дээрх хэмжээгээр урсгал зардлыг бууруулах тохиолдолд дээрх гурван төрлийн чиг үүргийн гүйцэтгэлд доголдол үүснэ гэлээ.


Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг 2026 онд байгуулахтай холбоотой төсвийг хэрхэн тусгасан талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хариулахдаа, Гэр бүлийн шүүхэд бол нийт 49 шүүгч, 138 захиргааны ажилтан ажиллана. Хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжих тул бид холбогдох бэлтгэлийг хангаж байна. Тус шүүхийг батлагдсан төсвийн хүрээнд орон тоо, цалинг тусгаад ажиллаж байна” гэлээ.


Ийнхүү дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

相关新闻