Ахмадын баярыг “Насаар ялгавралан гадуурхахыг зогсооё” уриан дор тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЖил ирэх тусам ахмад настны тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ жилийн ахмадын баярыг ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл насжилтыг дэмжих зорилгоор “Насаар ялгавралан гадуурхахыг зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн/НЭМХ/, Геронтологийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд, залуучууд хөгжлийн газрууд /ГБХЗХГ/ хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Өдөрлөгийн талаар НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгааны арга зүйн төвийн /ЭМДССАЗТ/ дарга Ж.Энхзул, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Б.Эрдэнэчимэг нар өнөөдөр мэдээллээ.
Өдөрлөгийн хүрээнд энэ сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн яаманд залуу, ахмад үеийн 100 гаруй төлөөллийг оролцуулсан өдөрлөг зохион байгуулж, Геронтологийн үндэсний төв, СХД-ийн Эрүүл мэндийн төв хамтран Дүүргийн 11 дүгээр хорооны ахмадуудад зориулсан эрүүл мэндийн үзлэг хийнэ. Цаашлаад алслагдсан дүүргүүдийн болон Увс, Баян-Өлгий аймгийн ахмадуудад эрүүл мэндийн үзлэг хийж, ахмадын төвүүдийг сумдад байгуулахаар болов.
НЭМХ-ийн ЭМДССАЗТ-ийн дарга Ж.Энхзул “ДЭМБ-аас энэ жилийг “Насаар ялгавралан гадуурхахыг зогсооё” гэсэн уриан дор тэмдэглэхийг гишүүн орнуудад даалгасан. 2050 онд дэлхий дээрх ахмадууд бага насны хүүхдээс илүү болно гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан. Манай улсад ч гэсэн ийм хандлагатай байна. Ийм учраас тэдний эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал юм. Энэхүү өдөрлөгийн бас нэг гол зорилго нь ахмадын хөдөлмөрийг дэмжиж тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй байлгахад оршиж буй юм”
Монгол Улсын хэмжээнд 2015 оны байдлаар 244,162 ахмад байна гэсэн судалгаа байна. 60-аас дээш насны иргэд биеийн хүчний биш ажлыг хийх бүрэн боломжтой бөгөөд нийт ахмадын 2,3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг байна.
Г.Даваамаа