БУЛГАН: "Дээл бүхэн түүхтэй" өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-02 16:26:22

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 2  /МОНЦАМЭ/. "Дээл бүхэн түүхтэй" дээлийн үзэсгэлэн худалдааг Булган аймгийн Соёлын ордноос зохион байгуулж, 11 уран үйлчин, аж  ахуй нэгж  2600-гаад бүтээлээ гаргаж, 4 000 000 төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд сар шинийн дараа оёх хүрэм хантааз, дээлийн захиалга ихээр авсан байна.  




Мөн “Дээл бүхэн түүхтэй” дурсамж ярилцлагад хамгийн нандин түүхийг агуулсан дээлүүдээ өмсөж ирэн, нулимстай, инээдтэй олон дээлийн түүхийг хуваалцсан нэгэн сайхан үдшийг өнгөрүүлжээ.  




Булган соёлын ордны захирал Ц.Энхтуяа 35 жилийн өмнө өөрөө хүүдээ хийж өгсөн баривчаа дэлгэж, дүү нь бас өмссөн тухай хуучлан, ирэх жил энэ дээлийн эзэн хүүгийнхээ гучин долооны жил ороход нь сувенир болгон бэлэглэхээр хадгалж байгаа тухайгаа ярив.




Арван таван жилийн өмнө хүүхэд байхдаа өмсөж байсан ханийн минь энэ дээл хүүхэд насных нь гэгээн дурсамжийг хүүрнэн авдарт маань хадгалагдаж байдаг нандин зүйл хэмээн хуучлав.


Өндөр эмээгээс үе уламжлан ирсэн 1920-иод оны үйтэн хуаран дээл одоо дөрөв дэх үе Г.Шүрэнцэцэгт хадгалагдаж  байгаа бөгөөд хааяа гаргаж өмсдөг болохоор элэгддэггүй хэмээн ярив.


"Дээл бүхэн түүхтэй" өдөрлөгийг Соёлын байгууллагуудын дунд зохион байгуулсан бөгөөд Соёл урлагийн газар, Музей, Номын сангийн хамт олон оролцож дурсамжаа хөглөсөн нандин өдрийг бүтээжээ.


Өдөрлөгийн хүрээнд дээлийн тухай үүх түүхээс мэдээлэл хийж, аав, ээж, хань ижлийн хайраа шингээж урласан дээлээрээ гоёж ирсэн зочид маань өмссөн дээлийнхээ хамгийн нандин дурсамжаа хуваалцаж, дээлийн тухай дуу, шүлгээр мэндчилжээ.


Монгол дээлээ байнга өмсөж хэвших сурталчлах ажлыг Соёлын салбарынхан манлайлан хэрэгжүүлж эхлэхээр боллоо.




Монгол дээлийг дээдлэн хэрэглэхийн учир нь: Хоолойд нь хоёр товч, энгэрт нь гурван товч, баруун суганд нь нэг товч, цаашилбал ташаанд нь хоёр товч хийж өгсөн байдаг. Тус бүрийг нь зангилаа үүсгэн хийхдээ, үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж яваг гэж захны дээд товчийг, үйлс нь үргэлж дэлгэрч яваг гэж хоёр дах товчийг, өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг гэж энгэрийн эхний товчийг, өөрийн биеийг чинь хамгаалж яваг гэж хоёр дахь товчийг, өчүүхэн муу үйлд бүү автаг гэж гурав дахь товчийг нь, өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж яваг, сурсан эрдмийг өөрийн биеэс суга юугаараа бүү гарга гэж суганы товчийг, ташааны дээд ба доод товчийг үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж яв, доод, дээд гэлгүй адилхан хүмүүн билээ гэж тус бүрд нь бэлгэдэж зангидаж шившсэн байдаг ажээ.



相关新闻