Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд шаардлагатай засварыг энэ онд хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн барилгыг 1989 онд ашиглалтад оруулснаас хойш капитал засвар хийгээгүй байна.
Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөжээ. Энэ оны хичээлийн жилд тус сургуульд нийслэл болон 21 аймгийн тусгай хэрэгцээт 263 хүүхэд суралцаж, 145 багш, ажилтан ажиллаж байна.
29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар, “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт
явуулдаг манай сургуулийг 1964 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд урсгал засвар
үйлчилгээ хийж байсан ч
сүүлийн жилүүдэд дулаан алдаж,
хичээллэх орчин хэцүү болсон. Дотуур
байранд гэхэд 130 хүүхэд
байрладаг. Хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байсан тул зургаан жилийн турш шат
шатны байгууллагад хандаж, хүсэлт гаргасаар ирсэн, нийслэлийн удирдлагууд сургуулийн нөхцөл байдалтай танилцан,
шийдэхээр ажиллаж буйд баяртай байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар: -Тусгай хэрэгцээт
хүүхдүүдийн сургууль, боловсролын хүртээмжийг нэмэх бодлого гаргана. 2010-аад оноос хойш
замбараагүй, төлөвлөлтгүй барьсан
орон сууцны хотхон, хорооллуудад сургуулийн хүртээмж муу байдаг. Үүнийг цэгцлэхийн тулд сургууль,
цэцэрлэгийг үе шаттай байгуулна. Тухайлбал, Баянгол дүүрэгт “Алтай”, “Голден
парк”, Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр”, “Шинэ яармаг” хороолол, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо зэрэг байршилд газар
чөлөөлж, сургууль барих юм.
Энэ жил сургууль, цэцэрлэг барихад 160
тэрбум орчим төгрөг зарцуулна” хэмээв.
Нийслэлээс сургууль цэцэрлэгийн хүртээмжид онцгой анхаарч энэ онд 33 сургууль, цэцэрлэгийн барилгыг
шинээр барихаар төлөвлөжээ.
Баянгол, Баянзүрх, Хан-Уул зэрэг хүн амын суурьшил нягтарч буй байршлуудад газар чөлөөлж, улсын
сургууль, цэцэрлэг байгуулна. Хот
руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний гол хүчин зүйлийн нэг нь боловсролын
чанар юм. Иймд боловсролын хүртээмжийг сайжруулахын
тулд хотын захын сургуулиудын чанарыг илүү хүртээмжтэй болгохыг бодлогоор дэмжиж байна. НЗДТГ-аас НҮБ-ын
Хүүхдийн сантай хамтран 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгох төсөл
хэрэгжүүлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээллээ.