Сумын цолтнуудаас Д.Цэрэнням, залуу бөхчүүдээс Д.Нарантулга түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн сар шинийн цуврал барилдаан эхэллээ. Уг цувралын эхнийх нь “Хавдрын эсрэг үндэсний зөвлөл”-ийн нэрэмжит залуу бөхчүүдийн барилдаан байлаа. Уг барилдаанд 384 бөх зодоглоход Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Д.Нарантулга ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, залуу бөх А.Баттүшиг үзүүрлэв. Д.Нарантулга нь улсын харцага М.Дармаабазарын хүү юм.
Тэгвэл өчигдөр “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан боллоо. Уг барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорьсноос Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Э.Түмэннасан үзүүрлэв.
Шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй “тэмээ өргөдөг” заан Ш.Эрдэнэбаяр үлджээ. Харин бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдааны хоёр түрүүтэй заан М.Баасанжав нар шалгарлаа.
Сар шинийн цуврал барилдаан өнөөдөр өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.