Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас нэг медальтай эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 онд зохион байгуулах цуврал тэмцээний эхний “Их дуулга” Францын Парис хотод болж өндөрлөлөө. 107 орны 621 жүдоч барилдсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч хүрэл медалиар энгэрээ мялааж, Монголын багийн цор ганц медалийг хүртэв. Тэрбээр Узбекистаны Севинч Исокова, Чехийн Ренота Зачова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Нидерландын Жоанне Ван Лийхоуст ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Маялин Карваялыг, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчи нарыг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Тэрбээр “Их дуулга” ангиллын тэмцээнээс тав дахь медалиа авсан нь энэ. Б.Ганхайч хүнд гэмтлийн улмаас зургаан сарын дараа дахин дэвжээнд гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Португалын гранприд шөвгийн наймд шалгарахдаа мөрөө мулталж, тэмцээнийг орхисон ч энэ удаа шагналын тавцанд зогсож чадлаа.
Энэ удаагийн тэмцээнд оролцсон 107 орноос ердөө 22 нь ямар нэгэн медальтай нутаг буцлаа. Ердөө зургаан орны жүдоч алтан медаль хүртжээ. Францууд нутаг дээрээ зургаан алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн бол Япон, Герман, Турк, Косово, Бельги араас нь жагсав. Монголын хувьд 16 дугаарт байр орсон амжилтаар Парисын “Их дуулга”-ыг дуусгаж байна. Манай бөхчүүд энэхүү тэмцээнээс 2009 онд медальгүй ирснийг эс тооцвол 15 жил хүртэж медаль хүртэж байгаа юм.