БУЛГАН: Өсвөрийн цаначдын улсын аваргаар Төв аймгийн баг шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарыг 8. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Гомбодоржийн Баатар агсны нэрэмжит Өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулж, 15 багийн 124 тамирчин, 30 багш дасгалжуулагч оролцлоо.
Тэмцээнд Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Увс, Хэнтий, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймаг болон “Монголын үндэсний цасан зам” спорт хороо, Биатлоны холбоо, “Цаначин” клубийн нийт тамирчид 10 хүртэл нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас,17-18 насны ангилалд сонгомол, чөлөөт, буухиа төрлүүдээр уралдлаа.
БАГИЙН ДҮНГЭЭР
I байрт Л.Чинцэцэг дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид 85
оноогоор
II байрт Ю.Соёлмаа дасгалжуулагч Булган аймгийн баг тамирчид 118
оноогоор
III байрт Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Увс аймгийн баг тамирчид 130 оноогоор тус тус шалгарсан байна.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Гомбодоржийн Баатар нь Булган аймгийн Булган сумын П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн I дунд сургуулиас эхлэн Биеийн тамир, спортын байгууллагад 24, Боловсролын салбарт 13 жил хавсран ажилласан шилдэг удирдагч тамирчдын нэг байсан бөгөөд түүний шавь нараас улсын дээд амжилтыг 11 удаа шинэчлэн тогтоож, улсын аварга цолыг олон удаа давтан Олимп, олон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна.
Тэмцээнийг Монголын цанын холбоо, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Гавьяат дасгалжуулагч
Г.Баатар агсны гэр бүл, үе үеийн шавь нар хамтран зохион байгууллаа.