ХӨВСГӨЛ: Улсын аварга тариаланч Ж.Бямбасүрэн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-08 12:39:54

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга тариаланч хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн иргэн Жанцангийн Бямбасүрэнгийн шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан  өглөө.




Ж.Бямбасүрэн нь 1998 оноос Хилийн цэргийн 0257 дугаар ангид ногоочноор ажиллаж байгаад 1999 оноос хувиараа хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 24 жил төмс, хүнсний ногоо тариалж байна.


Тэрбээр Дэлгэрэх шим хоршооны тариаланч бөгөөд 3-5 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо тариалж зах зээлд худалдахаас гадна даршилсан 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж худалдан борлуулдаг бөгөөд хоршооныхоо 5 дахь Улсын аварга тариаланч болж байна.


Түүний хичээл зүтгэлийг үнэлж 2007 онд Мөрөн сумын "Аварга тариаланч", 2015 онд ХХААЯ-ны Жуух бичиг, 2019 онд аймгийн “Аварга тариаланч", 2020 онд Хөвсгөл аймгийн "Шилдэг брэнд үйлдвэрлэгч" зэрэг шагналаар шагнуулжээ.




Газар тариалангийн салбарт ажиллах хугацаандаа нутаг орныхоо иргэдэд хямд үнэтэй сайн чанарын хүнсний ногоог тогтмол нийлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ам бүлтэй өрхүүдийг ажлын байраар хангаж, амьдрал ахуйг нь үргэлж дэмжиж иржээ.


Тухайлбал нэг өрхөд хашаа, нэг өрхөд хашаа байшин, хоёр хүүхдэд оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ. 

相关新闻