БУЛГАН: Байгалийн бүсэд 80 зүйл, ногоон байгууламжид 75 зүйл мод, сөөг тарих боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймаг байгалийн бүсэд 80 зүйл мод сөөг, аймгийн болон сумын төвийн ногоон байгууламжид 75 зүйл мод, сөөг тарих боломжтойг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс гаргасан бөгөөд одоогоор 1,9 сая мод тариад байна.
Монгол орны аймаг, сумын газарзүйн онцлогт тохируулан мод, сөөг тарих 21 аймгийн 330 сумын байгалийн бүс, бүслүүрийн зургийг гаргаж, тэнд ургах боломжтой 28 зүйл мод, 109 зүйл сөөг, хот сууринд ургах 21 зүйл мод, 73 зүйл сөөгийн 585 хуудас жагсаалт гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд болон 21 аймгийн Засаг дарга нарт албан тоотоор хүргүүлсэн байна.
Ойт хээрийн болон уулын хээрийн бүсийн Баян-Агт, Бугат, Могод, Орхон, Сайхан, Хангал, Хутаг-Өндөр сум хус, шинэс, монос зэрэг 7 зүйл мод, 25 зүйл сөөг тарих, ойт хээрийн болон уулын хээрийн бүсийн Хишиг-Өндөр, Булган сум 7 зүйл мод 32 зүйл сөөг тарих, уулын хээр, хуурай хээрийн бүсийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сум хайлаас, чацаргана зэрэг мод, 6 зүйл сөөг тарих, тайгын, ойт хээрийн, уулын хээрийн бүсийн Сэлэнгэ Хялганат сум шинэс, хус, монос, нарс зэрэг 10 зүйл мод 26 зүйл сөөг тарих боломжтой юм байна.
Аймаг
болон сумын төвийн ногоон байгууламжид Булган хот, Бугат, Бүрэгхангай Могод, Орхон, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сум агч, хус, чацаргана, шинэс, монос, гацуур, нарс, улиас, улиангар, хайлаас зэрэг мод, бүйлс, гүйлс, тошлог, харгана, интоор, чаргай, долоогоно, боролзгоно, жигд, арц, далан хальс, алим, улаалзгана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, нохойн хошуу, бургас, гандигар,
тэс, тавилгана, голт бор зэрэг 80 төрөл зүйлийн мод, сөөг тарих боломжтой бол
Баяннуур Гурванбулаг Дашинчилэн Рашаант суманд интоор, долоогоно, арц зэрэг мод
сөөг ургах чадамжгүй байдаг ажээ.
Аймгийн хэмжээгээр 957,5 мянган мод тарьж цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийн төгсөгчид 1,6 мянган мод тарьсан байна. Газар тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурваст 560,5 мянган мод суулгаж, уул уурхай, рашаан, амралт сувиллын газрууд өөрийн хөрөнгөөр 230 мянган мод тарьсан байна.