Үерт нэрвэгдсэн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-09-29 15:15:53

БНАСАУ-ын умард хэсэгт үерт нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах “Солонгосын хүүхдүүдэд туслая” аяныг Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо /МХЯЭХХ/, Хүүхдийн төлөө Амьдрах ухаан төв /ХТАУТ/, Тулах цэг сангаас зохион байгуулж байна.

Энэхүү тусламжийн аяны талаар МХЯЭХХ-ны тэргүүн С.Чулуунбаатар, ХТАУТ-ийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэцэцэг нар өнөөдөр мэдээллэв. ХТАУТ өмнө нь БНХАУ-ын Сичуан мужид болсон газар хөдлөлтөнд өртсөн хүүхдүүдэд тусалж байсан бөгөөд энэ удаа БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахыг иргэдэд уриалж байна. Лионрок хар салхины улмаас тус улсын Мусан, Юонса муж болон Хорёонг хотод үер бууж 138 хүн амиа алдаж, 400 хүн сураггүй болж, 18000 гэр орон сүйдэж, 68990 хүн гэр оронгүй болж, 140 мянга гаруй хүн үерт нэрвэгдээд байгаа юм.

МХЯЭХХ-ны тэргүүн С.Чулуунбаатар “Аль ч орны хүүхдүүд аз жаргалтай амьдрах эрхтэй. Тиймээс бид энэхүү гамшигт нэрвэгдсэн ард иргэд, ялангуяа хүүхдүүдэд туслахаар энэ аяныг өрнүүлж байна. Үерт нэрвэгдсэн хотуудад 10 дугаар сараас эхлэн цочир хүйтэрдэг. Тийм болохоор аль болох хурдан дулаан хувцас, мөнгөн тусламжийг БНАСАУ-д хүргэх шаардлагатай байна. Цуглуулсан хувцас, тусламжийн зүйлсийг манай байгууллага очиж авах боломжтой” гэлээ.

Тусламжийн барааг дараа долоо хоногоос БНАСАУ-ын элчин сайдын яамаар дамжуулан Хойд Солонгосын ард түмэнд хүргэхээр төлөвлөөд байгаа юм.

Аянд нэгдэхийг хүссэн иргэд, албан байгууллагууд Төрийн банкны 240109871209 /Тулах цэг сан/-д мөнгөн хандив өргөх болон 98984576, 98984575, 88890682 дугаарын утсаар холбогдон эд зүйлс, хувцас хандивлах боломжтой.

Г.Даваамаа

相关新闻