Дашчойнпэл дацан ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-09-29 16:34:03

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Дашчойнпэл дацан үүсэн байгуулагдсны 280 жилийн ойн хүрээнд тус дацангаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/  эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулна.

Тус ойн хүрээнд хийж буй ажлын талаар Дашчойнпэл дацангийн гэсгүй Д.Санжаадорж, Гандантэгчилэн хийдийн Олон нийттэй харилцах албаны /ОНХА/ дарга Ж.Одгарьд, Дашчойнпэл дацангийн унзад Ц.Золжаргал, лам М.Цэрэндорж нар өнөөдөр мэдээлэв.

Энэхүү ойн хүрээнд тус дацангын залуу лам нар “Буман Дарь-Эхийн хурал”-ыг санаачлан ирэх сарын 1-2 өдөр зохион байгуулж байгаа юм байна. Мөн тус дацангаас нийгмийн хариуцлагаа ухамсарлан ЭХҮМҮТ-ийн зүрх судасны эмгэгтэй, хүндрэлтэй амарждаг эхчүүдийг хүлээн авдаг Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт дуслын шахуурга, хэм алдалтыг үздэг аппаратыг бэлэглэхээр болоод байна.

Дашчойнпэл дацангын лам М.Цэрэндорж “Энэхүү хурлыг санаачилсан залуу лам нар маань иргэддээ туслах үйл ажиллагаа явуулах талаар санал гаргасан. Үүний үндсэн дээр ЭХЭМҮТ-д хандсан. Тус эмнэлгийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт дээрх төхөөрөмжүүд хэрэгтэй гэж хэлсэн. Дацангын 80 лам, сүсэгтэн олны хандивын тусламжтайгаар эдгээр төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д 10 дугаар сарын 2-нд бэлэглэхээр боллоо” гэлээ.

“Буман Дарь-Эхийн хурал”-ын хүрээнд лам нар ном хаялцаж, Цагаан Дарь-Эхийн уншлагыг буман буюу 100 мянган удаа унших бөгөөд бусад шашны номыг сүсэгтэн олонд зориулж унших юм байна. Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд энэхүү хуралд идэвхитэй оролцхыг уриаллаа.

Дашчойнпэл дацан нь Монголын Бурханы шашны хамгийн эртний гэвшийн сургууль бөгөөд 1736 онд Өвөрмонголын Долон нуурт байгуулагдаж байжээ. Энэхүү дацангаас Монголын гүн ухааны томоохон эрдэмтэд болох хамба Агваанбалдан, цорж Агваанхайдав, цорж Агваанцэрэн нар төрөн гарч байжээ.

Н.Туяа

 

 

相关新闻