ДАРХАН-УУЛ: Д.Гүржавын нэрэмжит насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-21 14:57:29

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ хамтран сагсан бөмбөгийн гавьяат дасгалжуулагч Д.Гүржавын нэрэмжит насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан уг тэмцээнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгаас эрэгтэй 18 баг, эмэгтэй найман баг оролцож, дөрвөн өдрийн турш үргэлжилж аваргуудаа тодруулжээ. 




Тэмцээний эмэгтэй төрөлд найман баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Ц.Цолмон дасгалжуулагчтай МУИС-ын баг, дэд байрт Э.Нэргүй дасгалжуулагчтай Дархан Дулааны цахилгаан станцын баг, гуравдугаар байрт О.Алтантуяа дасгалжуулагчтай Орхон аймгийн баг шалгарчээ.




Харин эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Д.Мэндсайхан дасгалжуулагчтай "Орхон дэвшил" баг, дэд байрт Б.Цолмонбаатар дасгалжуулагчтай "Money-T" баг, гуравдугаар байрт Б.Анхбаяр дасгалжуулагчтай "Бид нэг зорилготой залуус" баг тус тус шалгарч шилдгээр шалгарсан байна.




Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БТСГ-ын дарга А.Амараа болон МУГД Д.Гүржав нар гардууллаа.


Ташрамд, Д.Гүржав нь Мон-Алтиус дээд сургуулийг Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн. 1980-1990 онд Дархан хотын сагсан бөмбөгийн шигээ багийн тамирчин,1990-2000 онд сагсан бөмбөгийн Улсын шигшээ багийн тамирчин, 2000 оноос Дархан-Уул аймгийн БТСГ-т сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж байгаад 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Д.Гүржав нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа улс, олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн улсын шилдэг тамирчин, дасгалжуулагч юм.

Бурхантын буганууд хүүхдийн лигийн тэмцээнийг 15 жил, “Дархан Нэхий” ХХК-ийн нэрэмжит тэмцээний 10 жил, ”Бага олимп” сагсан бөмбөгийн тэмцээнийг найман жил тасралтгүй зохион байгуулсан юм.

Д.Гүржавын дасгалжуулсан баг, тамирчдаас Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд мандуулсан олон шавь бий. 

 

相关新闻