Монголын шигшээ баг нөхөрсөг тоглолтод хожив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт маргааш эхэлнэ.
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш Хятадын Шиан хотноо урьдчилсан шатны хамгийн эхний тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Тэд өчигдөр Шиан хотын Хойд политехникийн их сургуулийн багтай нөхөрсөг тоглолт хийсэн байна. Уг тоглолтод манай залуус өрсөлдөгчөө 62:49-өөр буулган авчээ. Монголын багаас Н.Батбаяр, О.Энхбаатар нар тус бүр 12, М.Өлзий-Орших 10 оноо авч бусдыгаа тэргүүлсэн байна.
Грек мэргэжилтэн Фрагкиасаар удирдуулж, Б.Билгүүнээр ахлуулсан манай багийн тоглолт маргааш 19:30 цагаас эхлэх бөгөөд тэд Шианд хоёр өдөр нэгдсэн бэлтгэлд хамрагджээ. Тус тоглолтыг Монголд Премьер спортс нэтворк суваг шууд дамжуулах юм.