Улсын заан Б.Бат-Өлзий энэ улиралд Монгол бөхийн өргөөнд гурав дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Улсын заан Б.Бат-Өлзийгийн хувьд энэ улиралд гурав дахиа түрүүлж байгаа нь энэ. Түүнчлэн замналынхаа 32 дахь түрүүг хүртэв.
Тэгвэл улсын арслан Э.Оюунболд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд зургаан жилийн дараа үзүүрлэлээ.
Тэрбээр барилдааны дараа ярилцлага өгөхдөө “Зургаан жилийн дараа бөхийн
өргөөний барилдаанд үзүүрлэсэндээ баяртай байна. Дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш
тогтмол барилдаж байгаа нь энэ. Анх барилдахад эвгүй байсан шүү. Одоо л жигдэрч
эхэлж байна. Энэ эрчээрээ барилдсаар наадамдаа зодоглоно доо. Дээд үе ер нь
суларсныг ажиглалаа. Яг одоо манай үеийнхэн ид барилдаж, амжилт нь ч сайн
байна. Яг л эрин үе нь эхэлж байх шиг. Доороос хэд хэдэн сайн бөх гарч ирлээ.
Үзүүр, түрүүнд барилдаанд сэтгэл дундуур л байна. Унаж, давдаг хорвоо доо. Дараа
нь даагаа нэхэх өдөр ирнэ. Таван багштайгаа нутаг гэхгүйгээр намайг гэсэн
хүмүүстэй хамтран баг болж ажиллаж, бэлтгэл сургуулилалтдаа анхаарч байна. Барилдаан
болоод байвал барилдаад л байна. Давааны баяр байсан ч хамаагүй. Барилдаан бүр
нь надад алдаа, оноогоо дүгнэх ашиг тусаа өгч байгаа. Тиймээс наадам хүртэл
ямар ч барилдаан алгасахгүй. Том, жижиг гэлтгүй надад барилдаан бүхэн чухал юм”
хэмээв.
Уг барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн
Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд”
дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан
сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бөхбилэгт”
дэвжээний бөх, харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Харин наймд улсын харцага
Ц.Мөнхбаяр, начин Б.Даваа-Очир, улсын Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Э.Баасанжав
нар үлдэв.
Өнөөдөр Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.