Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Европын холбооны төсөл Монголд хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын орчин, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа, ажлын байрны чанарыг сайжруулах зорилготой 900 мянган еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
Тус хөтөлбөрийг Европын холбоо, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хулла ба Хьюмен Динамикс консерцум хамтран зохион байгуулж байгаа юм. Төсөл 2016 оны тавдугаар сараас эхлэн 48 сарын хугацаанд хэрэгжих юм.
Уул уурхайн бус салбарт чанартай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өргөн хүрээг хамарсан тогтвортой хөгжлийг бий болгох нь тус хөтөлбөрийн гол зорилго юм.
Нээлтийн ажиллагааны үеэр уг хөтөлбөрийн олон улсын зөвлөх Майк Довден “Хөдөлмөрийн салбарын хөгжлийн асуудлаар Европын сайн туршлагууд”, дотоодын зөвлөх Ш.Мөнхцэрэн “Монгол улсын хөдөлмөрийн салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйлүүд, тулгарч буй бэрхшээлүүд” зэрэг илтгэл мөн хөтөлбөрийн гол төслүүдийг танилцуулсан юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх”, “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” хэмээх хоёр төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийн бодлого шаардлагатай. Монгол Улс хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогоо тодорхойлох үйл ажиллагааг Европын холбоо дэмжиж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн төлөвлөлтийн үйл ажиллагаа нь явагдаж дуусаад өнөөдрөөс эхэлж хэрэгжих гэж байна.Хурлын маань удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, төсөл хэрэгжих дөрвөн жилдээ юуг анхаарч ажиллах, жил тус бүрт ямар үйл ажиллагааг зохион байгуулах талаар нэгтгэж ярилцсан” гэв.
Энэхүү төслийн гол мэргэжилтэн Гриета Тэнтэрэ “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын чинлэлээр Европын холбоо маш их арвин туршлагатай. Энэ туршлагаа бусад оронтой хуваалцах эрмэлзэлтэй байдаг. Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилахаас гадна маш олон чиглэлээр дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаар оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад 29932 бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа аж.
Н.Туяа