Ногоон хөгжлийн боловсролыг амьдралын хэв маяг болгох нь чухал гэдгийг онцлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБайгаль орчин, аялал жуулчлалын яам, GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /ДДНХБ /-ын Монгол дахь суурин газраас Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран “Ногоон хөгжлийн бодлого, орон нутагт анхаарах асуудал” сэдэвт сургалт, уулзалт зохион байгууллаа.
БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга, доктор, профессор Г.Нямдаваа, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жон Лайонс, Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин газрын Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт хэлтсийн зөвлөх Э.Баярмаа нар Ховд аймагт ажиллах үеэрээ энэ сургалт, уулзалтад оролцлоо.
Ховд аймагт ногоон хөгжлийн загвар аймаг болоход дээрх байгууллагууд нэлээд сургалт, судалгаа, хэлэлцүүлэг хийж, төр, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх талаар ажилласан юм.
Ногоон хөгжил гэдэг нь мод тарих асуудлаар хязгаарлагдахгүй эдийн засаг, байгаль орчин, нийгэм гэсэн тулгын гурван чулуун дээр үндэслэн байгаль орчны боловсролыг хүүхдүүдэд багаас нь амьдралын хэв маяг болгох нь чухал байгааг ч онцоллоо.
Ногоон хөгжлийн зорилт дэвшүүлсэн Булган аймаг гэхэд л айл бүр хогоо ялган ангилж, гурван өөр өнгийн саванд хийж хэвшсэн энгийн атлаа сайн жишээг энд дурьдлаа.
Сонгуулийн дараа өмнөх сургалтад оролцсон удирдлагууд өөрчлөгдөж, шинэ удирдалгуудад ногоон хөгжлийн бодлого ,зорилго, зорилт, алсын харааг танилцуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй байгааг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.
А.Бямбасүрэн