ДОРНОГОВЬ: Шамбалын орон буюу Энергийн төв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-07 09:24:49

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болоод түүх дурсгал, аялал жуулчлалын бүс нутгаас цувралаар хүргэж байна.


Энэ удаа гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг Шамбалын орон, энергийн төвийн тухай өгүүлье.


Энергийн төв Дорноговь аймгийн Сайншанд сумаас урагш 45 км-т Хамарын хийдийн бүс нутагт оршдог. Эргэн тойрондоо улаан өнгийн цав чулуу бүхий байгалийн сонин өвөрмөц тогтцоор хүрээлэгдсэн энэ газарт эрчим хүч, энерги хуримтлагдсан байдаг тухай эртний түүх шастирт бичиж үлдээжээ. 


Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ.


Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг.


Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгон тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Шамбалын орон 25 хаантай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.


Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй Шамбалын орныг зорин ирж ажил үйлс, амьдрал ахуйгаа даатгадаг сүсэгтэн олны хөл тасардаггүй төдийгүй хаврын улиралд эрс нэмэгддэг байна.  

相关新闻