ДАРХАН-УУЛ: Шар усны үерт 380 айл өртөх магадлалтай судалгаа гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс, шуурхай штабын даргаар ахлуулсан ажлын баг шар усны үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээтэй танилцлаа. Цас их орсон жилүүдэд шар усны үер бууж айл, өрхүүд үерт автах эрсдэл үүсдэг.
Аймгийн хэмжээнд шар усны үерт өртөж болзошгүй айл, өрхийн урьдчилсан тоо судалгаагаар гарчээ. Дархан сумын хэмжээнд 201, Шарын гол суманд 34, Орхон суманд 89 айл өрх, Хонгор суманд 56 айл өрх шар усны үерт өртөж болзошгүй эрсдэлтэй газар амьдарч байна.
Тиймээс аймаг, сумдын онцгой байдлын газраас
урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдэгдэл хүргүүлж, шаардлагатай тохиолдолд
нүүлгэн шилжүүлэх,
зөвлөмж мэдээллийг өгч байна. Мөн үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн
ашиглалтын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.