Гаагийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Олон Улсын эрүүгийн шүүхэд 81 орны саналаар сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэн гуравдугаар сарын 8-ны өдөр Гаагийн шүүхийн байранд тангаргаа өргөсөн билээ.
Тэрбээр БНСУ, Франц, Румын, Словен, Тунисын таван шүүгчийн хамтаар “Би Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн хувьд ажил үүргээ бүрэн эрхийн хүрээнд нэр төртэй, үнэнч шударга, ухамсартайгаар хэрэгжүүлж, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны нууцыг хүндэтгэхээ тангараглая” гэжээ.
Өнөөдрөөс түүний Гаагийн шүүгчээр ажиллах есөн жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна. Олон улсын эрүүгийн шүүх нь Ромын эрх зүйн бүлд хамаарах улсуудын 18 шүүгчээс бүрддэг бөгөөд Нидерландын Гааг хотод байрладаг. Шүүгчийг өндөр ёс суртахуун, шударга зан чанар, шүүх эрх мэдлийн дээд албан тушаалд томилогдон ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг хангасан хүмүүсээс сонгодог байна.