ДАРХАН-УУЛ: Нөөцийн махыг баасан гаргаас худалдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг.
Өнгөрсөн намар бэлтгэсэн, гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлагыг холбогдох лабораторийн
дүгнэлтээр баталгаажуулж тусгайлан бэлтгэсэн махыг
нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан хүнсний дэлгүүрүүд худалдах юм.
Энэ жилийн тухайд 47 хүнсний дэлгүүр худалдахаар саналаа хүргүүлсэн бөгөөд гэрээг аймгийн засаг даргатай байгуулна. Гэрээ байгуулж дууссан тохиолдолд гуравдугаар сарын 15-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жилийн нөөцийн махыг “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэн нийлүүлж байна. Нийт 140 тн мах бэлтгэснээс үхрийн ястай мах 63 тн буюу өмнөх оноос 2 тн бага, хонь 70 тн буюу өмнөх оноос 12 тн илүү, ямаа 7 тн буюу өмнөх оноос 500 килограмаар илүү нөөцөлж бэлтгэжээ.
Үнийн тухайд үхрийн ястай мах нэг кг нь 10800 төгрөг, хонины ястай мах нэг кг нь 9000 төгрөг, ямааны ястай мах нэг кг нь 7500 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж байна.
Ташрамд, нөөцийн махны үнийн
тухайд өнгөрсөн жил үхрийн ястай мах нэг кг нь 9200 төгрөг, хонины ястай мах нэг кг нь
8200 төгрөг, ямааны ястай мах нэг кг нь 7200 төгрөгөөр худалдаж байжээ.