Хувьчлагдсан банкууд 439 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
Монголын
Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд ногдол ашгаа тараахаа шийдвэрлэн хуваарилж
эхэллээ.
Бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа
санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигч нарт олгож,
ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш
ажлын 15 өдрийн дотор СЗХ-нд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг
болгоод байна.
Өнгөрсөн онд хувьцаагаа олон нийтэд гаргасан банкууд энэ онд 439 тэрбум төгрөгийн ногдол ашиг
хуваарилах гэж байна. Нэг банк 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах
дүн гарчээ.
Нийт компаниудын ногдол ашгийн 55 хувийг банкуудынх бүрдүүлж байна.
“ХААН банк” ХК-иар жишээ
татахад нийт 271 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь ашгийн 48.5 хувь болж
байна. “Голомт банк” ХК нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь ашгийн
40.3 хувь тус тус болж байна. Банкуудын хувьцааны ногдол ашиг нийт компаниудын
ногдол ашгийн 55 хувийг бүрдүүлж байна.
Монгол Улсын банк,
санхүүгийн системийн нөлөө бүхий 5 банк олон нийтэд хувьцаагаа санал болгож
арилжсан. Үүнд:
- 2022 онд анхлан Төрийн
банк, “Голомт” банк,
- 2023 онд ХАС, ХХБ, ХААН
банкууд орсон.
Ингэснээр нийт 446.7
тэрбум төгрөг татан төвлөрүүлээд байна. Үүн дээр “Богд банк” ХК болж, 31.75
тэрбум төгрөг татсан юм.
Системийн нөлөө банкууд хувьчлагдсанаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.8 их наяд төгрөг болж өсжээ. Арилжааны дүн 2023 онд 725 тэрбум төгрөг болсон. Энэхүү үнэлгээг ДНБ-тэй харьцуулан авч үзвэл 2021 онд 8.9 хувь, 2022 онд 11 хувь байсан дүн 2023 онд 22.1 хувь болж өсжээ. Үүнд банкуудын хувьчлал голлон нөлөөлснийг Монголын Хөрөнгийн биржийн Бүртгэлийн албаны мэргэжилтэн Г.Амартүвшин хэлж байна.