Ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэх чиглэлд Япон улстай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-31 12:39:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Монголын Ипотекийн Корпораци (МИК), Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF)  Монгол Улсад тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэх, зорилтот зах зээлд чиглэсэн бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 

Хоёр байгууллагын 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийж буй энэхүү гэрээ нь энэ оны наймдугаар сарын 1-нээс 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжинэ. Санамж бичгийн хүрээнд тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, зорилтот зах зээлд чиглэсэн бонд гаргах, дотоод чадавхыг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулах юм. Мөн тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц, тайлагналын стандарт болон цахим шилжилтийн чиглэлээр сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

 

Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн Ясүши Такаяама, “Японы Засгийн газрын орон сууц санхүүжилтийн агентлаг нь эрчим хүчний хэмнэлттэй, нийгмийн чиг баримжаатай орон сууцны зээлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Бид Монгол Улсад тогтвортой орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээс гадна хоёр орны Засгийн газрын хоорондын гүүр болж, бодлого, санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна. Тогтвортой орон сууцны шинэ технологийг нутагшуулах нь анхандаа амаргүй байж болох ч бат бөх, урт хугацааны тууштай хамтын ажиллагаанд тулгуурласан нөхөрлөл амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Харин Монголын Ипотекийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Энэхүү гэрээ нь манай улсын ногоон барилга, санхүүжилтийг нэмж, тогтвортой хөгжлийн түвшнийг ахиулах чухал, түүхэн ач холбогдолтой. Хамтын ажиллагаагаар дамжуулан манай барилгын салбарт ногоон стандарт нэвтэрч, барилгын чанар сайжран, хүртээмжийг нэмэх төдийгүй дотоодын банк, санхүүгийн салбарт ногоон орон сууцны санхүүжилт, ногоон үнэт цаас шинээр нэвтрэх боломж бүрдэнэ. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр улсын хооронд итгэлцэлд суурилсан, амжилттай олон төсөл сүндэрлэнэ гэдэгт итгэж байна” гэв.

 

Гэрээнд туссан хамтын ажиллагаа нь Азийн орон сууцны хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд хоёр байгууллага хоёул тус холбооны гишүүн юм.

相关新闻