Бүргэдийн баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-03 13:31:00

Баян-Өлгий аймагт бүргэдчдийн уламжлалт баяр 17 дахь удаагаа зохиогдлоо. Монголын бүргэдчдийн холбооноос зохион байгуулсан энэ баярт Казахстанаас хүрэлцэн ирсэн долоо нийт зуун бүргэдчин оролцож ур чадвараа сорив. Уг баярт аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга орлогчтойгоо ирж бүргэдчид, үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Бүргэдчдийн наадамд дэлхийн 20 гаруй орны таван зуу орчим жуулчид оролцож, тэдэнд хурдан морь болон тэмээний уралдаан, сур харвааны тэмцээн, тулам булаалдах, мөнгө шүүрэх, хүүхэн хөөх зэрэг казах ардын морьтны тоглоом сонирхууллаа.

Бүргэдчдийн уралдаанд хамгийн илүү оноо авсан Алтанцөгц сумын бүргэдчин Асхабылын Шаймурат «Гарамгай бүргэд» цом, алтан медаль, өргөмжлөл, хагас сая төгрөг хүртсэний дээр «Турк Аиринг» компани түүнд АНУ-д аялах эрхийн бичиг гардууллаа. Дараачийн дөрвөн байр эзэлсэн бүргэдчид Сагсай сумын Ы.Хызырбек, Д.Арман, Толбын Б.Тенелхан, Алтанцөгцийн Р.Ергалым нарт медаль, өргөмжлөл, 400-100 мянган төгрөг, наадамд оролцсон бусад бүргэдчин тус бүрт 50 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгов.

Хурдан морины уралдаанд Баяннуур сумын Батырбай, тэмээний уралдаанд Алтанцөгц сумын Арман, сур харвааны уралдаанд Өлгий сумын харваач З.Нямсүрэн, арьс булаалдах-көкпар, морьтны давхиан дунд мөнгө шүүрэх уралдаанд Сагсай сумын С.Женисбек,  хүүхэн хөөх-кызкуар уралдаанд Сагсай сумын иргэд Асылбек, Серикгүл, үндэсний хувцас уралдаанд  Бугат сумын иргэд Ахытхажы, Гүлмайра нар шалгарлаа.

Ш.Айзаря

相关新闻