ХӨВСГӨЛ: Урлаач О.Мягмарыг өвлөн уламжлагчаар бүртгэж батламж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-01 14:27:09

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав гар урлалын уламжлалыг язгуур хэв шинжээр нь өвлөн түүнийг хамгаалах, сурталчлах, хойч үед өвлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Мөрөн сумын иргэн урлаач О.Мягмарыг соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн билиг авьяастны аймгийн жагсаалтад бүртгэж, батламж олголоо.


Мөрөн сумын иргэн О.Мягмар иргэд хүссэн үедээ ирж залбирч, мөргөх боломжтой мөргөлийн дуган байгуулахаар 21 дарь эхийг урлаж байгаа юм.




Тэрбээр коронавируст цар тахлын үе 2019 оноос эхлэн урлаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 дахь дарь эхийг бүтээж байна.


О.Мягмар, “Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Өвдөж зовсон, сэтгэл санаа тогтворгүй үед өөрийгөө сонсож, ярилцах төдийгүй ариун дагшин газарт мөргөл үйлдэх нь чухал юм байна гэдгийг цар тахлын үед ойлгосон. Иймээс мөргөлийн дуган байгуулахаар зорьсон.

Өндөр гэгээн Занабазар 21 дарь эхийг бүтээхдээ бурхан урлалын дэг жаягийг бүсгүй хүний биеийн онцлогтой чадварлаг хослуулж, жинхэнэ монгол эмэгтэйн гоо сайхны сонгодог дүрийг бүтээсэн хэмээдэг. Миний хувьд мэргэжлийн сургуулийг төгсөөгүй ч маш их судалсан.

Мөн өвөг эцэг маань номтой хүн байсан учраас өвлөгдөж ирсэн бурхны тэг, ном судруудыг ашиглан жаяг ёсны дагуу бүтээж байна. Удахгүй мөргөлийн дуганаа нээх зорилготой байна” гэлээ.




О.Мягмар нь үе дамжсан урлаач бөгөөд түүний өвөө нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, нэрт зохион бүтээгч Д.Пүрэвдаш юм.

Д.Пүрэвдаш нь машин техник, фанерын үйлдвэрийн суурь машин, гэрийн мод үйлдвэрлэх машин зэрэг нийт 40 шахам жижиг аппарат, хэрэгсэл, 20 гаруй суурь машин зохион бүтээж байжээ

相关新闻