"Монгол судлалын шинэ эрин-2024" хуралд 6 улсын 80 гаруй эрдэмтэн илтгэл хэлэлцүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-05 15:40:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол судлалын чиглэлээр нэгдсэн бодлого зохицуулалт байдаггүй. Тиймээс мэдээллийн сан болон нэгдсэн бодлого зохицуулалт хэрэгтэйг МУБИС-ийн НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, профессор С.Хөвсгөл “Монгол судлалын шинэ эрин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.


Энэхүү хурлыг МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль /НХУС/-аас 2011 оноос зохион байгуулж буй юм.


Монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх, соёл судлаач, эрдэмтдийн дунд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монгол хэл шинжлэл, уран зохиол, түүх, соёл судлалын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, Монгол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад тус хурлын зорилго чиглэж байна.


Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ болон  БНУУ, АНУ, Канад улсаас цахимаар, нийт 80 гаруй эрдэмтэн судлаач 3 салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлж буй юм.


МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Г.Цэцэгдарь хэлэхдээ, “Энэхүү хурал Монгол судлалын судалгааны чин хандлага бүтэц, тогтолцооны судалгаанаас хэрэглээ, соёл, танин мэдэхүйн түвшинд шилжиж буй үед болж буйгаараа онцлогтой. Хурлын илтгэлийн сэдэв өргөн, сонирхолтой болж байна. Мөн залуу судлаач, ахисан түвшний магистр, докторант нарыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг. Эрдэмтэн судлаачид монгол хэлний бүтэц, тогтолцооны судлал, үг зүй, авиа зүй, өгүүлбэр зүй гэсэн тогтолцооны асуудалд нэлээн анхаардаг байсан бол одоо хэлийг хэрэглэгчийн орчин, нийгэм, ахуй, соёлын хүрээнд судалдаг болсон. Тиймээс дэлхийн монгол судлаачдын монгол судлалын судалгааны чиг хандлага өргөжсөн” гэв.


Бээжингийн их сургуулийн багш Юан Лин гарал үүслээр адилгүй хэлнүүдийн харилцан нөлөөлөлд  бий болсон зээлбэр үгийн авиа хэрхэн хувьсан хөгжсөн тухай илтгэл тавив. Тэрбээр хэлэхдээ, “Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд орсон, хятад гаралтай "цай" гэдэг үгийг сонгон судалгаагаа хийсэн. Америкийн алдарт судлаач энэхүү зээлбэр үг нь язгуур үгээс ялгаатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Миний судалгаагаар "цай" гэдэг үг монгол хэлний жинхэнэ үгтэй адил хувьсаж ирсэн болохоор хэл шинжлэлийн аргаар түүнийг монгол хэлний язгуур үгээс ялгахад бэрхшээлтэй. Анхны утга нь нэг төрлийн ургамал боловч сүүлдээ ундаа гэсэн утга үүссэн” гэв.


Ташрамд дурдахад, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимд Халимаг, Тува, Буриад, АНУ, баруун Европын орнуудаас монгол хэл сурахаар оюутнууд их ирдэг байсан бол өдгөө Монгол судлалын чиглэлээр ӨМӨЗО-ы оюутнууд голчлон суралцаж байна. ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын оюутнуудын судалгааны сэдэв нь хэл шинжлэл, уран зохиол, утга зохиолын хувьд нэлээд гүнзгийрч байгаа аж. 





相关新闻