Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-19 14:50:41

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Хонконгт эхэлнэ.


Тус тэмцээнд Азийн 36 орны 272 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 18 тамирчин зодоглох юм. Монголын баг эрэгтэйчүүдийн 60, 73, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин сойно.


Монголын тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрдэнэбаяр, 73 кг-д О.Уранбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.


Монголын жүдо бөхийн шигшээ баг Азийн аваргаас 19 алт, 24 мөнгө, 53 хүрэл медаль хүртсэн байна. Хамгийн сүүлд Казахстаны Нурсултанд болсон Азийн аваргаас Монголын баг хоёр алт, таван мөнгөн медаль хүртэж байлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч нар төрийн дууллаа Казахстанд эгшиглүүлсэн юм.

相关新闻