ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ долоо хоногт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-24 14:10:27

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэ жилийн цэрэг татлагын тухайд хэд хэдэн онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, Хурандаа Д.Пүрэвсүрэн онцоллоо.


Тухайлбал, цэрэг татлагын байрыг иргэд, цэрэг татлагад оролцохоор ирж буй залуучуудад нээлттэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Хугацаат цэргийн албанд татагдан очиж байгаа залуучууд ямар хувцас өмсдөг, цэрэгт ямар хоол, хүнс хэрэглэдэг, зэвсэгт хүчний анги, салбаруудын хангалт ямар байдаг зэргийг мэдэх боломжтой юм.




Нэгдүгээр ээлжийн цэргийн зарлан дуудах хуудсыг харьяа багаар дамжуулан цэргийн насныханд хүргэжээ. Нөгөөтэйгүүр цэргийн зарлан дуудах хуудаст буй мэдээллийг залуучууд сайн унших хэрэгтэй. Хэрэв ойлгомжгүй, тодруулах зүйл гарсан тохиолдолд Цэргийн штабын тоо бүртгэлийн офицерын утасны дугаарыг тэмдэглэсэн бөгөөд уг дугаараар холбогдох боломжтой гэдгийг тодотголоо.




Нийтлэг гардаг дутагдал нь цэргийн насны залуус цэрэг татлагын үзлэгт ирэхдээ иргэний үнэмлэх, бусад бичиг баримтаа орхигдуулах зөрчил илэрдэг аж. Тиймээс анх удаа цэргийн зарлан авч, комиссоор орох залуус бичиг баримтаа орхихгүй биедээ авч явахыг анхааруулж байна.

相关新闻