ХОВД: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-25 16:53:43

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгууд болон нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймагт боллоо

Энэ үеэр нийслэлд болон орон нутагт хэрэгжүүлж буй онцлох ажлыг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сайн туршлагаасаа хуваалцсан юм.   

Үүнээс онцлоход, жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилго бүхий “Оюутан цагдаа” хөтөлбөр нийслэл хотод амжилттай хэрэгжиж байна. 

Харин Ховд аймгийн тухайд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч байна. Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллыг сайжруулах, камержуулалт хийх гээд олон талт ажлыг төлөвлөжээ.    

Энэ удаагийн хэлэлцүүлгээр зам тээврийн осол, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.


Түүнчлэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, шашны байгууллагын үйл ажиллагаа, хурлын байгууллагуудын зарим тулгамдсан асуудал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбоотой цахим болон танхим хосолсон хэлэлцүүлэг өрнүүлж, төлөөлөгчдийн мэдлэг, ур чадварын түвшнийг ахиулах, зарим ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр зөвлөлдлөө. 

Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ болон Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, мэргэжилтнүүд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, сумдын төлөөлөл гээд 80 гаруй хүн оролцов.   

 

相关新闻