БУЛГАН: Тусгай хэрэгцээт хүүхдүүд хөгжлийн төвтэй болохыг хүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-06 10:56:33

Булган, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссоос энэ сарын 4-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал Булган аймагт" сэдвийн хүрээнд өглөөний уулзалт зохион байгууллаа.


Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийн 3 дугаар бүлэгт “Хүүхдийн эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг судалж, шийдвэр гаргуулахаар холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан.

 

Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол ба хөгжил, нийгмийн халамж хүртэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэх, шийдлийг тодорхойлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хүүхдийн эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

 

 

Булган аймагт 2592 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 17 хүртэлх насны 299 хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 180 нь гэртээ байнгын асаргаатай байдаг бол 94 хүүхэд ЕБС-д, 25 хүүхэд СӨБ-д хамрагдаж, дотуур байранд 5 хүүхэд амьдарч байна. 

 


Оролцогчдоос салбарын мэдээллээ харилцан хуваалцаж, анхан шатанд ажиллаж байгаа нэгж, албан хаагчид тогтвортой байдалд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй олон асуудлыг дэвшүүлснийг эрэмбэлээд дараах 3 асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр санал хүргүүллээ. 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах хүртээмжтэй орчин бий болгоход төр засгийн зүгээс анхаарах,
  2. Эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, 
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй болох зэрэг асуудал дэвшүүлэн уламжлуулахаар боллоо.
相关新闻