ОРХОН: Иргэд спорт заалыг долоо хоногт хоёр удаа үнэ төлбөргүй ашиглахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал төрийн өмчит спорт заалыг
иргэдэд оройн цагаар үнэ төлбөргүй ашиглуулж болох, эсэх талаар судалгаа
хийхийг БТСГ-т үүрэг болгосон.
Үүний дагуу Биеийн тамир, спортын
газраас Спорт хорооны “А” заалыг долоо
хоног бүрийн лхагва, баасан гарагт 18.00-20.00 цаг хүртэл, “Б” заалыг долоо хоног бүрийн мягмар, лхагва
гарагт 18.00-20.00 цагт иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах боломжтой гэсэн
мэдээллийг өгөв.
Аймгийн Биеийн тамир, спортын газар ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд долоо хоног бүрийн таван өдөр спортын
8 төрлөөр үнэ төлбөргүйгээр хичээллүүлдэг. Иргэдэд үнэ төлбөргүйгээр
үйлчлэх цагийг нэмэгдүүлснээр долоо хоногт 400-500, сард 1800-2000 иргэн
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой гэж үзжээ. Цаашид
иргэдийн спорт заалаар үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдвэл 6 дугаар сарын 3-наас өдөр, цагийг нэмэгдүүлэх юм.