Солонгосын таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-09 14:16:46

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт “Хямд тийз-Хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлсэн.


Энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлж, шинээр агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, шууд нислэгийн давтамж, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын “Жин Эйр” агаарын тээвэрлэгч компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.


Ингэснээр Монголоос Солонгосын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлдэх боломжтой болж байна. Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт 27, Сөүл-Улаанбаатар чиглэлд 22, Улаанбаатар-Бусан чиглэлд долоо хоногт тав, Улаанбаатараас Муан, Дэгү, Чонжу чиглэлд долоо хоногт 15 хүртэлх давтамжтай, суудлын хязгаарлалтгүй нислэг үйлдэх аж.


Тус агаарын тээвэрлэгч нь Муан-Улаанбаатар-Муан чиглэлд ирэх есдүгээр сар хүртэл хугацаанд долоо хоногийн лхагва, бямба гараг бүр нислэг үйлдэх юм байна. Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт онгоц хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт Муанд бууна.

相关新闻