ХОВД: Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-17 12:47:36

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр Соёл-Утга зохиолын баруун бүсийн гуравдугаар чуулган болж байна. 

Чуулганд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнууд, иргэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна.  


Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэнэ. Яруу найраг болон богино хэмжээний хүүрнэл зохиолын өдөрлөг, Утга зохиолын талаарх эрдэм шинжилгээний хурал, Уншигч-Зохиолчдын уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.   

Энэ нь соёл, утга зохиолын чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэл, соёл, утга зохиолын онцлог, эрхэмлэх зүйлс, амьд туурвилуудыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

Одоогоос 6 жилийн өмнө баруун бүсийн аймгуудад утга, уран зохиолын нэгдсэн үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулж байхаар тохиролцжээ.  

Энэ хүрээнд 2018 онд Завхан аймагт анхны чуулганыг зохион байгуулсан бол хоёрдугаар чуулганыг 2019 онд Ховд аймагт хийсэн.


Харин өнөөдөр Ховд аймагт дахин чуулж, Соёл-Утга зохиолын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал, зөвлөмжүүдийг гаргаж байгаагаараа онцлог боллоо.      

Оролцогчид 
хүүхэд багачуудыг ном унших сонирхолтой болгох, цахим орчноос хөндийрөхөд чиглэсэн нөлөөллийн ажил зохион байгуулах, орон нутгийн зохиолчдын ном, бүтээлийн чанарыг сайжруулах, ном хэвлэх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, номын дэлгүүр, ном худалдах цэгийг өргөтгөх зэрэг санал хэлж байна.   
  
 

Чуулганы зохион байгуулагчаар ЗДТГ, Соёл урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд аймгийн зохиолчдын Алтай салбар болон МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хэл зохиолын тэнхим, Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр хамтран ажиллаж байна.   






相关新闻