Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестэд хүчилтөрөгчийн баг, хөтөчгүй гарч чаджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын уулчид хүчилтөрөгчийн баг, хөтчийн тусламжгүй дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч чаджээ.
Тодруулбал, “Хүннү хайкинг” клубийн үүсгэн байгуулагч Цэдэндамбын Өсөхжаргал, “Зүг чиг” клубийн үүсгэн байгуулагч Лхагважавын Пүрэвсүрэн нар дэлхийн зулай 8848 метр өндөр Эверестийн оргилд 2024 оны тавдугаар 13-ны 11 цаг 57 минутад гарсан байна. Тэд Эверестийн оргилд орон нутгийн хөтөч болох шерпагийн дэмжлэггүй гарсан анхны монгол уулчид болов.
Харамсалтай нь оргилоос буух явцдаа Ц.Өсөхжаргал 8550 метрт, Л.Пүрэвсүрэн 8400 метрт унаж амь насаа алдсан байхыг Непалийн хэт өндөр уулын экспедиц зохион байгуулдаг 8К компанийн шерпа нарын дөрвөн өдрийн эрлийн үр дүнд олж мэдсэн юм.
Харин гурав дахь уулчин биеийн байдлын улмаас оргилд хүрч чадалгүй буцсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн болсныг эх сурвалжууд онцоллоо.
Ташрамд дурдахад, дэлхийн дээвэр Эверестэд хүчилтөрөгчгүй гарсан 221 тохиолдол бүртгэгдсэн байдаг юм байна.