ОРХОН: Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд авто замын шинэ маршрут гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-20 14:42:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/ Улсын төсөв болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар - Шар хөтөл - Эрдэнэт чиглэлд тавих 92.28 км хатуу хучилттай авто замын ажил энэ онд эхэлнэ.


Энэ зам нь Төв аймгийн Шар хөтөл гэдэг газраар дайрч өнгөрөх бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх 380 км замыг 92.28 км-ээр дөтлөх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Дархан-Уул-Орхон гэсэн чиглэлийн авто замаар биш Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт гэсэн авто замын шинэ маршрут үүснэ.


Ингэснээр Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн иргэд богино хугацаанд зорчих боломжтой болж, зам тээврийн дэд бүтэц сайжирч худалдаа, үйлчилгээний орлого нэмэгдэж бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал буурах юм.  


Тухайлбал, Эрдэнэтээс Улаанбаатар луу явахад нэг талдаа 92.28 км, хоёр талдаа 184 км зам дөтлөх бөгөөд хамгийн багадаа 10 литр шатахуун хэмнэнэ. Тиймээс уг замыг тавих асуудлыг УИХ-ын гишүүн Д.Батлут 2020 оноос санаачилж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн юм.


Уг замын нийт өртөг 105.34 тэрбум төгрөг бөгөөд ТЭЗҮ-г нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас боловсруулна. Харин Монгол Улсын Засгийн газраас замын ажилд энэ онд 7 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад байна.

 

相关新闻