Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах дэлхийн II их хуралд оролцлоo
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хамт олонд түшиглэн сэргээн засах Дэлхийн II-р Чуулганд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл болон Япон Улсын Жайка байгууллагын “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, чадавхжуулах” төслийн багийн хамт амжилттай оролцоод ирлээ.
Монгол Улс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын 2006 оны конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд конвенциор хүлээсэн үүргийн дагуу төрийн бус байгууллагуудтай хамтран, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгон "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг, боловсруулж батлуулсан сайн туршлагаа танилцуулж өндөр үнэлгээ авлаа.
Мөн Малайз улсын Эмэгтэйчүүд, Гэр бүл, Нийгмийн Хөгжлийн Дэд Сайд Хатагтай Datuk Azizah-тай Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг уулзаж цаашид хоёр яамдын хамтын ажиллагааны талаар санал солилцон албан ёсны уулзалт товлохоор тохиролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, Номхон Далайн Бүсийн IV-р хурлыг 2019 онд Монгол Улсын Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлогын талаар илтгэл тавьж, Ази, Номхон Далайн Бүсийн IV-р хуралд Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урилаа.