Иргэн бүр “ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”-ийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-07 11:24:53
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Орхон аймагт айлчилж иргэдтэй уулзлаа.

 Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн талаар товч мэдээлэл хийлээ. Тухайлбал,  эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад чиглэсэн “Боловсролын зээлийн сан” бий болгосныг онцоллоо. Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна. Иргэд та бүхэн үндэсний үйлдвэрлэл, бие бизнээ дэмжин худалдан авалт хийх хэрэгтэй хэмээн уриаллаа.

Уулзалтын үеэр иргэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь болон залуусыг ажлын байраар хангах, авилга хээл, хахуулийг таслан зогсоох, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК “ Шилэн дансны тухай хууль”-ийг мөрдөж ажиллахгүй байна, хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх зэрэг олон санал, шүүмжлэл хэллээ. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар хариулт өгсөн юм. Тодруулбал, Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 60 хувьд нь олгоод үлдсэн 40 хувьд нь эдийн засаг сайжирсан үе буюу 2019 оноос  олгож эхэлнэ гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻