“Милан-Кортина 2026” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-31 10:00:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс зарласан “Милан-Кортина 2026” өвлийн спортын тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гүйлтийн цана болон тэшүүрийн тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол Олимпик хаус”-т боллоо.


Уг ёслолыг нээж МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг үг хэлэхдээ 2026 оныг хүртэл өвлийн спортын баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрт хамрагдан, спортын сургалт, бэлтгэл сургуулилтаа өргөжүүлэхийг хүсэв.  


Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тооны тамирчинд тодорхой шалгуур тавьж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг журамтай билээ. Манай улсаас энэ удаа гүйлтийн цанын төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд болон тэшүүрийн төрөлд Б.Гэрэлтуяа нар 2026 оны хоёрдугаар сар хүртэл тус хөтөлбөрт хамрагдана.


Өвлийн XXV Олимпын наадам Италийн Милан, Кортинад 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд болно. 

相关新闻