ЗАВХАН: ХААН банкны тэтгэлгийг гурван суралцагч хүртэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. ХААН банкны оюутны
тэтгэлэгт хөтөлбөрт Завхан аймгаас гурван суралцагч шалгарчээ.
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН банк сангаас 18 дахь жилдээ шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан.
Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзнээр улсын хэмжээнд 98
оюутан тодорсон байна.
Завхан аймгаас 16 суралцагч шалгаруулалтад орж 3 суралцагч шалгарсан байна.
Тухайлбал, Тосонцэнгэл сумын I сургуулийн 12-р ангийн суралцагч Т.Даваажаргал, II сургуулийн 12-р ангийн суралцагч Б.Баасанням, Улиастай сумын Дэвшил сургуулийн 12-р ангийн суралцагч С.Энхтуяа нар шалгарсан байна.
2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлэг хүссэн суралцагч нь төгсөх 12-р ангийн сурагч байх, сурлагын голч дүн “B” буюу 85 хувь, түүнээс дээш байх, 11-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан, эсвэл анги хамт олноо хошуучлан оролцсон байх. Хувь хүний ур чадвар сайтай, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог зэрэг давуу талыг нь харгалзан үзэж шалгаруулжээ.
Шалгаруулалтыг аймгийн
ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл, банкны
төлөөллийн хамтарсан комисс шалгаруулсан байна.
Олон жил уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн тус хөтөлбөрийг Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэг болон орон нутгаас шинээр оюутан болж буй төгсөх ангийн сурагчдын дунд зарладаг байсан.
Энэ жил тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмж, цар хүрээг нь өргөжүүлэн, шинэ оюутнуудаас гадна өмнө нь ХААН банкны тэтгэлэг хүртсэн ахлах курсийн оюутнуудад дахин нэг боломж олгон тэтгэлэгт хамруулж байгаагаараа онцлогтой юм.
ХААН банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч сангаараа дамжуулан 18 жилийн хугацаанд нийт 2260 гаруй оюутанд 2.3 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна гэж Хаан банкны Завхан аймаг дахь
салбараас мэдээлэв.