Төсвийн ил тод байдал хоёр оноогоор дээшилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон
улсын төсвийн түншлэл байгууллага “Төсвийн нээлттэй байдлын олон улсын индексийн
судалгаа”-ны 2023 оны дүнг гаргажээ. Төсвийн ил тод байдлаар манай улс 100 оноо
авахаас 62 оноо авч, өнгөрсөн оны дүнгээс хоёр оноогоор дээшилснийг Нээлттэй
нийгэм форумоос өнөөдөр мэдээлэв.
Энэ талаар ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулсан юм. Тэрбээр, “Төсвийн нээлттэй байдлын нэг гол үзүүлэлт нь төсвийг боловсруулж хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх үйл явцад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа байдал юм. Энэ үнэлгээгээр Монгол Улс мөн 100 онооноос 19 оноо авч нэлээн доошилсон. Мөн төсвийн хяналтын тогтолцоо хууль эрх зүйд туссан байдлын үзүүлэлтээр Монгол Улс 80 оноо авсан” гэв.
-Монгол Улстай холбоотой судалгааг
дүгнэж үзэхэд манай улс төсвийн нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэхэд цаашид юунд
анхаарах хэрэгтэйг зөвлөж байна вэ?
-Төсвийн төслийн баримт
бичгийнхээ мэдээллийн иж бүрдлийг нэлээн сайжруулах хэрэгтэй байгаа нь гарсан.
Төсвийн тухайн жилийн
зарлагаас гадна дараагийн хоёр жилийн зарлагын тооцооллын эдийн засгийн чиг,
үүргийг арай дэлгэрэнгүй ангиллаар гаргах хэрэгтэй байна. Тодруулбал, Олон
улсын судалгааны байгууллага төсвийн орлого, зарлагаа эдийн засгийн чиг үүргийн
ангиллаар баталдаг байх хэрэгтэй гэж үзсэн. Төсвийн үүрэг, ач холбогдлын
нийгмийн бүлгүүдэд нөлөөлөх тооцоо, судалгааг мөн олон нийтэд ил тод болгох
хэрэгтэй байна.
Манайд төсвийн мэдээллийг PDF болон зурган хэлбэрээр нийтэлдэг. Энэ нь судлаачдад шуурхай дүн шинжилгээ хийж гаргахад хязгаарлагдмал байгаа учир түргэн шуурхай хийх форматаар буюу exsel файлаар төсвийн мэдээллийг нийтэлдэг байх хэрэгтэй байна.
-Орон нутгийн төсөв дэх олон
нийтийн оролцоо манайд харцангуй сайжирсан гэдэг. Ийм байхад энэ талын үзүүлэлт
яагаад чамлахаар байна вэ?
-Орон нутгийн сангийн
төсөв нь улсын төсвийн маш өчүүхэн хэсэг байдаг. Тиймээс нийт төсөвтөө саналыг
нь авч чадахгүй байна гэсэн үг. Илүү өргөн хүрээнд төсвийн талаарх саналыг авч
үзэх хэрэгтэй.
2023 оны Төсвийн тухай
хуульд иргэдийг оролцоог хангах талаар нэлээн нааштай заасан. Засгийн газар
төсвийг боловсруулах шатанд салбар бүрээр хэлэлцүүлэх талаар тусгасан. Энэ
хэлэлцүүлэг энэ оны 8 дугаар сард болно. Энэ мэтээр төсвийн эрх зүйд шинээр тусгасан
зохицуулалтаа хэрэгжүүлээд явах юм бол төсөв дэх олон нийтийн оролцоо сайжирна.
УИХ төсвийн төсөл болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэж
байх явцад иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах боломжийг бий болгох хэрэгтэй
байна.
Ташрамд дурдахад, АНУ-д
төвтэй, Олон улсын төсвийн түншлэл байгууллага “Төсвийн нээлттэй байдлын олон
улсын индексийн судалгаа”-г дэлхийн 125 орныг хамруулан хоёр жил тутамд хийж гаргадаг
байна. Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Монгол Улс дахь түншээр Нээлттэй
нийгэм форум ажилладаг.