Наадмын сорилго барилдаантай зургаадугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-31 17:02:22

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа албан ёсоор танилцууллаа.


Энэ сард орон даяар УИХ-ын ес дэхр удаагийн сонгуультай. Мөн энэ сарын 15-наас бөхчүүд наадмынхаа бэлтгэлд гардаг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан цөөхөн барилдаан зохион байгуулахаар болжээ. Энэ сард Ардын хувьсгалын 103 жилийн ойн сорилго барилдаантай гэдгээрээ онцлогтой. Бөх сонирхогчдодоо барилдааны хуваарийг танилцуулъя.


Зургаадугаар сарын 1: Монгол Улсад Биеийн тамир, спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан /11:00 цагт/


Зургаадугаар сарын 2: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Ч.Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/


Зургаадугаар сарын 7: Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан /13:00 цагт/


Зургаадугаар сарын 8: Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн нэрэмжит Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн наадмын сорилго улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /13:00 цагт/


Зургаадугаар сарын 9: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын түүхт 40 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Б.Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

相关新闻