Сумын заан Д.Цэрэнням цэргийн арслан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-31 17:26:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.


Тус барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх зодоглосноор Хэнтий аймгийн Галшар сумын харьяат ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх сумын заан Д.Цэрэнням найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Нэгдэл” клуб, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, чимэг нэмэв.


Шинэхэн цэргийн арслан Д.Цэрэнням өнгөрсөн жил Багахангай дүүргийн наадамд дөрөв давж, цолны даваанд Тувагийн Монгуш Айдынд өвдөг шороодож байсан юм. Мөн сар шинийн барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг давж байлаа. Сумын наадамд гурав түрүүлж, хоёр үзүүрлэсэн тэрбээр Бөхийн өргөөнд болдог сумын цолтнуудын барилдаанд гурав түрүүлж, зургаа үзүүрлэн, есөн удаа шөвгөрсөн юм.


Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хотонт сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн Э.Мөнхжаргал, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн начин Д.Төрбаяр нар шалгарлаа. Д.Төрбаярын хувьд зургаа давсан амжилтаараа цэргийн харцага цолны болзол хангалаа.


Түүнчлэн Завхан аймгийн харьяат сумын заан Ө.Даваацэрэн, Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Г.Мөнх-Ёндон нар цэргийн начин цол хүртэв. Мөн тав даван шөвгөрсөн аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн заан Г.Мөнхбаяр нар “өсөх” чимэг нэмсэн юм. 




相关新闻