Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-02 15:46:16

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.


Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж санал авч, төсөлд тусгасан байна. Мөн уг төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авчээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.


Иймдд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

相关新闻