Улсын начин Х.Цогтгэрэл бөхийн өргөөнд анх удаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-03 09:08:22

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Ч.Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.


Тус барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Алдарспорт хороо, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв. Улсын начин Х.Цогтгэрэлийн хувьд 2023-2024 оны улирлын барилдаанд анх удаа түрүүлж байгаа нь энэ.


Тэгвэл их шөвөгт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Хашбат, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэн нар шалгарлаа.

Харин шөвгийн наймд улсын начин Б.Чимэдвандан, Ш.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан Г.Ганбаатар нар үлдэв.  



相关新闻